Жаргалант сургууль

2019-04-07

Галт тэрэг

ГАЛТ ТЭРЭГ

Сэрчингийнх, сумын төвөөс хараа барааны газар онцгойдуу буужээ. Мал малын захтай байтлаа ойрын хэдэн жил энд өвөлждөг болсон нь арван гурван настай хүү Баярынхаа сурч судлахыг эрхэмлэсэн хэрэг байлаа. Тэгээд ганц гэр байдаг нь гэрийн эзэн хүний, хүнээс гажууд зангийнх биш, эндхийн бэлчээр ургац нь цөөнөөр байгаа малд өвөл хаврын турш хүрэлцэхүйц бөгөөд Сэрчингийнх мөн малынхаа өвлийн бэлтгэлийг сайн базаасан тул ийнхүү нутаглахад бүрэн бололцоотой байжээ. Сэрчингийнх энэ газар хэдий ганц гэрээр өвөлжиж байгаа боловч үнэндээ тэднийх бага сумын ардтай ойр байх тул орон нутгийн хэмжээгээр өвөл хаврын турш явагдах бүх ажлын нэг ч зүйлээс хоцордоггүй тогтмол оролцож чаддаг байлаа.

Сэрчин бол угаас санаачилгатай ажил бүхэнд оролцдог, шударга шулуун сэтгэлтэй өвгөн юм. Манай эх орныг цаашид цэцэглүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө зохиогдон гарч ирэхэд Сэрчин өвгөн, багийнхаа ардын өмнө өөрийнхөө малыг энэ таван жилийн дотор 150%-иар өсгөнө гэж батлан, бусад малчдыгаа уриалсан билээ.

Одоо таван жилийн төлөвлөгөөний хоёр дахь жил шувтаргадаа ойртож байхад түүний мал нь даруй 70 шахам хувиар өссөнийг үзэхэд таван жилд бүх малаа 150 биш 200 хувиар өсгөж болох бололцоотой байна гэж Сэрчин өвгөн бүрэн итгэлтэй ажиллаж байна. Тэгээд ойрын жилүүдэд төвлөрч суурьшсан  сумынхаа төвд ойрхон тохилог сайхан өвөлжөө хаваржаатай болон өвөлжиж байгаа нь өвгөнд ирээдүйгээ харсан бас нэг сайхан тал бий юм. Сэрчин өвгөн таван жилийн төлөвлөгөөт ажил эхэлсэн эхний жил хонь үхэр хоёртоо яв цав тохирсон сүрхий саравчийг энэ өвөлжөөн дээрээ барьсан нь одоо мал аж ахуйгаа тохируулан босгосон бусад бүтээлүүдий нь хамт нэлээд нэгэн бага шиг шинэ ааж ахуй энд төвлөрөн боссон юм шиг харагддаг болжээ. Багийн зарим малчид Сэрчингийн малын суурьшил хашаа зэрэг бусад бэлтгэн босгосон зүйлийг хараад цөөн малд арай дэндүү том юм болгочихсон юм биш үү? гэхэд үгүй харин би багадуулж орхисон байна. Яагаад вэ? гэвэл нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний өсөлтийг баримтлан барьсан хашаа саравч маань хоёрдугаар таван жилийн ажил эхлэхэд өөрчлөгдөх нь зайлшгүй.

Ингэхэд би түүний нь мэдсээр байж нэгмөсөн бараагүй маань миний дутагдал байна. Гэвч би тэр цагт энэ босгосон зүйлээ өөрчлөхийг мэдэж байна гэж 1000 малын багтаамж бүхий суурьшил сайтан өвөлжөөгөө зааж хэлдэг байжээ.

Сэрчингийн мал үнэхээр, улсынхаа өмнө амласан төлөвлөгөөнөөс давуутай өсөж байгаа тул энэ үгийг хэн ч буруу гэх буюу илүү дэмий зүйл гэж хэлдэггүй байлаа.

Зүтгэлт өвгөн Сэрчин багийнхаа ардуудтай хамтран ажиллаж ноднин малдаа элбэг хүрэлцэх хадланг хураасан нь сайхан өвөл болсноос бүхэл бүтэн нуруу өвс илүү гарсан байжээ. Гэвч өвөл бүхэн адилгүй тул энэ намар ноднин жилийн бэлтгэсэн өвснөөс нэг нуруу өвсийг илүү бэлтгэжээ. Сэрчингийн цас их унаж, хүйтний эрч чангарч ирэхэд малаа бэлчээрт төдий гаргахгүй, гаргавч хол бэлчээрт бүр гаргадаггүй, тогтмол тэжээдэг заншилтай бөгөөд ялангуяа саалийн үнээгээ гурилын хэвэг бас бус шим бүхий зүйлээр цаг үргэлж тэжээх тул өвөл ч гэсэн сүү саалийн ажил нь зун мэт өнгөтэй байдаг билээ. Сэрчин өвгөн гэртээ эхнэр Балжин, жаал хүүтэйгээ гурвуул боловч мал аж ахуйгаа  гэр хоорондын болон сум багийн бусад ажилд арван хуруу тэгш хүрэлцэн ажиллаад байгаа нь хүн гайхаж хачирхах зүйлгүй бөгөөд тэдний энэ их ажил нь юм бүхнээ ганцхүү эрэмбэ дараатай эхлэл, төгсгөлтэй бөгөөд сэдэвлэсэн зүйлээ дуустал нь тууштай ажилладагт хамаг бүтэмж нь оршдог ажээ.

Ажлаа хайш яйш хийдэг зарим нэг хүмүүст,

-Чи чинь хэдий завандаа ингэж юм юмаа амжуулан бүтээгээд байдаг юм? гэж асуухад:

-Амарч байгаа нь энэ гэж их унтахгүй, ажиллахын өмнө дэмий их чалчихгүй бол ажил бүхэн амжилттай бүтэх ёстой юм даа гэж Сэрчин өвгөн хариулдаг байв. Нэгэн өглөө Балжин авгай үнээгээ сааж суулаа.  Энэ нь нар мандаад төдий удаагүй үе байжээ. Сэрчин өвгөн ч гэсэн аль хэдий нь ургах нартай уралдсан мэт босоод адуундаа явчихсан цаг байлаа.

Хүү Баяр нь бас номынхоо савыг мөрөвчлөөд сургуульдаа явчихсан цаг байжээ. Сэрчин хэдийдээ ажлаа гүйцэтгээд яах гэж суман дээр очсоныг нь хэн мэдэх вэ? Тэндээс яаралтай давхин ирж мориноосоо буун харайх зуураа

-Чи чинь одоо хүртэл үнээгээ сааж гүйцээгүй гэж үү? Цаана чинь чухал явдал болоод байна. Түргэлж үзээрэй гээд гэртээ гүйн оров.

Балжин юу болсныг ойлгосонгүй юу ч гэсэн үнээгээ яаралтайхан шиг сааж дуусаад гэртээ орж ирэхэд Сэрчин авдраа уудлан баяр ёслол болоход хэрэглэдэг бяцхан улаан далбаа гаргаж бас метр гаруй улаан даавууг мөрөн дээрээ тавин бийр, шүдний хуурай оо хоёрыг сураглан өнгөт авдрыг уудалж байв. Энэ нь Балжинд Октябрийн баярыг санагдууллаа. Гэвч тэр баярын өдөр гурав хоногийн цаана байх тул хэтэрхий яарч байгаагийн нь хувьд зэмлэх сэтгэл төрж:

-Яагаад яагаа ч үгүй байхад юундаа ингэж яарна вэ? гэв. Сэрчин эхнэрийнхээ энэ үгийг сонсоод цаашлуулах гэсэн юм шиг инээмсэглэн:

-Яагаа ч үгүй битгий хэл өнөөдөр Улаанбаатарт орох гэж байна гээд авдраасаа бийр ба шүдний хуурай оо гаргаж ирээд, чи одоо цаад хашаа хороогоо цэвэрлэж үз гэв. Цагаан эрэг-Улаанбаатар хоёрыг холбосон галт тэрэгний зам засагдан манай урдахнуур өнгөрсөн нь саяхан байсан тийм ээ? Гэтэл Балжин:

-За гэв.

-Тэгээд ёстой замаа тавьсан нь арваад хоногийн өмнө байсан тийм ээ? гэж Сэрчин дахин хэлэхэд Балжин бас л…

-За тийм гэв. Сэрчин эхнэрийнхээ зөвхөн за за гэхийг харж, царай нь хувьсхийснээ эргэж төв болоод,

-Энэ замыг засахад хэчнээн хүнд хөдөлмөр орж байсныг нүдээр үзээгүй хүнд хэлэхэд бараг үнэмшихгүй билээ. Хаа хэрэгцээтэй юм уу эсвэл засах тэгшлэх гэсэн газрынхаа шороог хэдхэн удаа онги татаад, дөрвөн тоннын даацтай машины ар тэвшийг дүүргэдэг сүрхий том машин энд тэндгүй зогсон, хэзэн зуун тонн ачааг машинаар сүлжилдүүлэн ажиллуулж, уул толгодыг дэлбэлэн сэтэлж байсан юм. Тэгэвч сэтэлбэл зохих уул, огтолбол зохих нуруунууд маш олон боловч Улаанбаатар ортол нэлээд цаг, бас их ажил хэрэгтэй гэмээр санагдаж байсан. Энэ бол бид өөрсдөө нүдээр үзэж хараад санаж байсан санаа шүү дээ. Гэтэл тэр их ажил одоо бүрэн бүтэн дуусаад цаана чинь Москвагаас гарсан галт тэрэг одоохон Улаанбаатар орох гэж байгаа гэнэ. Би энэ үгийг дөнгөж сая суман дээр очиж сонсоод хөгжлийнхөө дээр их хөгжлийн үүд нээгдэв гэж бахархан бүх ард түмэнтэйгээ хамт тэр галт тэргийг угтан өнгөрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэн сандарч ирсэн минь энэ дээ гэж яарч сандран давхиж ирснээ тайлбарлах мэт хэллээ.

-Галт тэрэг удахгүй ирэх болсон гэдгийг бий ч мэдэж байсан шүү дээ. Харин чухам өнөөдөр ирнэ гэдгийг яг таг л мэдээгүй байсан байж болох юм даа гэж Балжин хэлээд галт тэрэг гэсэн авиа Балжинд эгээхэн Сэрчингийн чихэнд хэчнээн сайхан сонсогдсон шиг сонсогдож, нээрээ туг далбаа хийсгэж яриа лоозон хадах хэрэгтэй гэж с этгэл нь өөрийн эрхгүй оволзон хөдөллөө. Сэрчин галт тэргийг зөвхөн туг далбаа лоозон хоёроор хүндэтгэн өнгөрүүлэхийг бодоогүй байжээ.

Балжинд далбаагаа саравчны орой дээр хад гэж өгөөд гарахыг завдахад бас, одоохон гадуурх юмаа сайхан цэвэрлэ гэв. Балжин за гээд яаран гарав. Сэрчин гэртээ үлдэж юуны урьд юу хийхээ шалган үзтэл саяны саасан хоёр том хувинтай сүү нүдэнд нь тусав. өнөөдрийн хувьд Балжинд тэр сүүг хөөрүүлэх завдалгүй шиг санагдах тул даруй цөцгий болгон машиндаж эхэллээ.

Балжин далбаагаа хадахаар саравчны орой өөд авиран байтал хүү Баяр яаран сандран гүйн ирж яваа харагдав. Хүү нь бас хичээлээ дөнгөж тараагаад мөн галт тэргийг хүлээн авах сумынхаа ёслолын жагсаалд жагсах гэж гоёлын дээлээ өмсөх гэж ирж яваа нь энэ ажээ.

Ээж нь түүний нь ер мэдсэнгүй, гэртээ орох гэхэд нь дуудаж богино цагийн дотор гүйцэтгэх гэж байгаа ажлаас элбэлц! Гэлээ.

Баяр энд ажил хийж удаашрахыг хүсээгүй боловч ээж нь ажлаа дуусаад хоёулаа галт тэрэг угтъя гэхэд даруй баярлахаас өөр юмгүй болж шүүр авч хониныхоо саравчийг шүүрдэж эхэллээ.

Эх хүү хоёр ана мана уралдан хөдөлж ажлаа дуусгах гэж байтал Сэрчин лоозонгийнхаа даавууг барин гарч ирж Баярыг хараад:

-Аа хүү минь ашгүй хүрээд ирэв үү гэж дуудан,

-Одоохон үүдэн дээр лоозон бичээд аль гэж даавуугаа дэлгэж буцаж гэртээ ороод, бийр, оо авчрав. Баяр дотроо их л яарч яваа боловч баяр болгонд гэрээ лоозонгоор чимэглэхийг хүсдэг тул бийрээ авч юу гэж бичих вэ? гэж аавынхаа саналыг асуулаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ачит багш гээд үгээ тасалсан бөгөөд Баяр эцгийнхаа хэлсэн энэ үгийг бичих гэтэл,

-Yгүй, үгүй байз, дэндүү урт болох нь ингэж бич!

-Нийгэм журамт Зөвлөлт Холбоот Улс бол гэж шулуун шуурхай хэлснээ бас дахин толгойгоо сэгсэрч,

-Байз, байз бас л их болох нь, юу гэж бичих вэ? гэж хүүгээсээ асуув. Баяр ингэж бич гэж хэлэхийн оронд,

-Аав минь! Би яарч байна түргэхэн шиг хийе гэхэд, Сэрчин намайгаа битгий яаруул! гэж нааш цааш алхалснаа, за бич! “Галт тэрэг мандтугай!” гэв.

Балжин гадуурх ажлаа дуусаж гэртээ орох гэтэл Сэрчин хажуугаас нь за одоо гэр доторхоо сайхан болгож үз! Би лоозонгоо бичүүлээд тун завгүй байна гэв. Балжин одоохон дээлээ сольж өмсөөд сум руу явахыг чухалчилж байгаа тул,

-Сэрчин минь гэр доторх ч гайгүй шүү дээ гэтэл,

-Битгий залхуур, цаана чинь галт тэрэг ирэх гэж байна гэтэл,

-Тэр галт тэргийг чи арай гэрт орж ирэх юм гэж бодоогүй биз гэж ёжилсонд Сэрчин,

-Бид хэрхэн баяр бахдал болж байгаагаа зөвхөн инээсэн царайгаар биш, юм бүхнээ цог жавхаатай болгон үзүүлэх нь бидэнд хамгийн чухал нандин зүйл юм гэж түрүүн би хэлсэн шүү дээ. Балжин энэ үгэнд хариу болгох юм хэлсэнгүй. Төдийхөн гэртээ оров. Баяр лоозонгоо бичиж дуусаад сүүлд нь анхаарлын тэмдэг нэгийг тавьжээ. Сэрчин үүнийг хараад:

-Хүүе! Хүү минь эцэст нь тавьж байгаа том зураас чинь юу вэ? гэж асуув.

-Энэ бол уриалга буюу дуудлагын ард тавьдаг анхаарлын тэмдэг байхгүй юу гэж хариулсанд,

-Аа тийм үү? Дахиад хоёрыг нэмчих.

-Яах юм бэ? Нэг нь болдог юм гэв.

-Нэм, нэм… бид чинь гэрийнхээ дотор гурвуулаа шүү дээ гэсэнд хүү нь аавыгаа шоолон тэсгэлгүй инээв. Гэвч Сэрчин ингэж хүний инээдэм болох ойр зурын юм бодоогүй юм байжээ.

-Инээх чинь юу вэ? өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй ардууд ба пионер хүүхэд багачууд аа! гэсэн утгын дор анхаарлын тэмдгийг гурав байлгая гэсэн юм гэсэнд Баяр даруй инээлээ. Дахиж хоёрыг нэмэн тавиад гэртээ оржээ. Сэрчин гэрийнхээ үүдийг лоозонгоор чимэглэн үүгээр хийвэл зохих ажил дуусвар болж сэтгэл нь тайвшраад суман дээр очихоор мордохыг завдтал, Балжин хүүгийнхээ хамт гоёлын хувцастай гарч ирээд,

-За Сэрчин минь бид хоёрыг эргээд ирэхэд цайллага бэлтгээд байгаарай гэж хэлээд явахыг завдтал Сэрчин тэднийг харж,

-Та нар чинь хайчих гэж байдаг билээ.

-Галт тэрэг угтдаг юм биш үү?

-Хүүе түүнд чинь би өөрөө явах гэж байгаа гэж Сэрчин санамсаргүй хэлэв.

Балжин хариуд нь:

-Юм бүхэнд чи явж, би үлдэж байдаг чинь юу гэсэн үг вэ гэж уцаарлалаа. Галт тэргийг угтах хүсэл бүгдэд нь бий ажээ.

-Ийм ачтай галт тэргийг анх ирж байхад би угтахгүй яах юм бэ? гэж Балжин хэлэв. Сэрчин одоо Балжинд галт тэрэгний асуудал хэчнээн гүн холбоотойг өөрий нь амнаас олж мэдээд цаашаа үг хэлсэнгүй. Тэгээд гэрээ яах билээ гэж бодтол хүү Баярааг хараад,

-За Балжин минь гэртээ хүүгээ орхиод хоёулаа явъя гэтэл энэ нь бүр ч зохимжгүй үг боллоо. Баярын царай час улаан болтлоо хувирч эцгийнхээ өөдөөс анх удаа цорвойн уурлаж,

-Би явна. Заавал угтана… Би сургуулиа төгсөөд Москвад очиж галт тэрэгний инженер болох зам энэ! Энэ галт тэрэг миний замыг нээж байна гэж бараг бархиран хэллээ. Хүсэл бүхэн өөртөө хүчтэй байдаг тул хэн нь ч буруугүй бөгөөд гэтэл тэртээ зүүн хойноос гүвгэрийн цаанаас галт тэрэгний сүрлэг чимээ сонсдож хөрс доргих шиг бүгдэд нь санагдав. Хүү Баярын сэтгэл сэргэж ирлээ! Ирлээ! гэж хашгиран алгаа ташин дэвхцэв. Сэрчин урьд өмнө сонсдоогүй энэ хүчирхэг чимээнээс морь үргэж магадгүй гэж мориныхоо хойноос гүйлээ.

Тушаатай морь анх удаа үзэж байгаа тэр гайхамшигт амьтнаас үргэсэнгүй. Харин хачирхан сонирхох мэт толгой хаялан угтан ажиглаж байв.

Сэрчин даруй эргэж

-Балжин минь сүү өргө! Сүү өргө! гэж дуу алдан инээмсэглэхээс өөр хөдөлгөөнгүй зогсож байгаа эхнэрийнхээ тохойноос татлаа.

Балжин гэртээ гүйн ороод өглөөнийхөө саасан сүүг олсонгүй.

Энэ хэр галт тэрэг хэдэн километрийн тэртээ яваа боловч түүний хүчин дуун Балжингийн чихэнд, дэргэд нь ирсэн шиг сонсогдсон тул бачимдан сүү хаачив гэж хашгирлаа.

Сэрчин сая бүх сүүгээ машиндаж орхисноо санан цөцгий, цөцгий аваад ир! гэж дуудав. Ингээд Балжингийн хувин дүүрэн цагаан цөцгийг өмнөө тэврэн гарч ирэхэд,

-Их Зөвлөлт Улстай цөцгий шиг ариун цагаанаар нөхөрлөсөн манай үйл мандтугай! гэж өргө!

-Их жолоодогч Ленин мандтугай!

-Хайрт жолоодогч Чойбалсан минь! Бас бидэнд энэ их ариун цагаансүү, тараг, цөцгий, тосыг өгдөг мал сүрэг, тоо томшгүй олон болтугай! гэж өргө гэж өргүүлээд сумын төв дээр очно! гэж булаацалдаж байснаа орхин Балжин, Баяр нарыг учир дүрсгүй шаардан явуулаад өөрөө үлджээ.

Эх хүү хоёр яаран мордож ухаан жолоогүй давхисан бөгөөд тэднийг сумын төв дээр ирэхэд өөрсдий нь адил баярлан бахархсан малчид ба саальчид, хүүхэд багачууд, өвгөд эмгэдийнхээ хамт цугларан замын хоёр талыг барин зогсож хүндэтгэлийн сайхан дуу дуулан байлаа.

Энэ үед Сэрчингийн өмнө Лениний энх тайван байдалтайгаар инээмсэглэсэн хөргөөр чимэглэгдсэн хүчит машинаар хөтлүүлсэн гэгээн саруул цонхтой нэгэн жигдийн олон байшингууд хөврөлдөн хөндөлдөж ирэв.

Энэ бол Зөвлөлт ба Монголын ард түмний хэзээ дуртай цагтаа эрх жаргалаараа харилцаж байхад зориулагдсан суудлын галт тэрэг юм.

Гэтэл бас тэр тэргийг дөнгөж өнгөрмөгц хэдэн мянган үхэр тэргээр тээвэрлэдэг ачааг ачсан, ачааны галт тэрэг нөгөө огтолсон мэт сэтэлсэн хөтлийн дундуур дуу чимээ ихтэй торолзон гарч ирлээ. Сэрчин эдгээрийг хараад, одоо, ирээдүйдээ бахархан хэчнээн сайн сайхан зүйлс бодсоныг тоочин бичих гэвэл үл барагдана.

Дэргэдэх хувинтай цөцгийгөө шүүрэн авч урдаа тэврээд түмэн сайхан үгийг дундаж сэтгэл үл ханах их баярынхаа илэрхийллийг галт тэрэг мандтугай! гэж товчлон өөрийн гараар цөцгийгөө олон дахин өргөв.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 8 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Хамтын блог

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. oyuka



:-)
 
xaax